4447 хүн донор болох хүсэлтээ өгсөн байна
Нийгэм
Манай улсад эд, эрхтний донор тэр дундаа тархины үхэлтэй донор нэн ховор болсон. Иймээс өнгөрсөн оны есдүгээр сараас эхлэн И-Монголиа цахим платформд донор болох хүсэлтээ иргэд өөрсөө өгч болдог болсон.
Ингэснээр сүүлийн долоон сарын турш өөрийн хүсэлтээр донор болохоор 4447 хүн хүсэлтээ илэрхийлжээ.
Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэх шаардлагатай боловч гэр бүлийн гишүүдээс амьд донор болох хүнгүй бөгөөд амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний хүлээх жагсаалтад бүртгэгдэн хүлээж буй 1500 гаруй хүн байгаа юм.
Монгол Улсад амин чухал эрхтнүүдийн эмгэг өвчинтэй түүний төгсгөлийн үе шатанд орсон эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээнд орох шаардлагатай хүмүүс нэлээдгүй байгаа бөгөөд өвчнөөс дурдвал:
- Элэгний B,C,D вирусийн шалтгаант элэгний хатуурал,
- Элэгний хавдар,
- Бөөрний архаг үрэвсэл, бөөрний дутагдал,
- Зүрх судасны архаг өвчин, зүрхний дутагдал
- Нойр булчирхайн өвчтэй гэх мэт…өвчлөлүүдэд нэн тэргүүнд донор хэрэгтэй байдаг аж.
2000-аад оны эхэн үед эрхтэн шилжүүлэн суулгах нь манай улсын хувьд холын мөрөөдөл байлаа. Яаралтай өвчтөнүүд гадаадыг зорьж, хагалгаа хийлгэдэг байв. Харин 2006 онд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг хийсэн нь эрүүл мэндийн салбарын томоохон дэвшлийн нэг байлаа. Улмаар 2011 онд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг нэвтрүүлсэн бол 2014 оноос Монголд үүдэл эс, ясны чөмөг шилжүүлэн суулгах мэс заслыг хийдэг болсон. Улсын нэгдүгээр төв эмнэлэгт 2011 онд Эрхтэн шилжүүлэн суулгах төвийг байгуулснаар олон хүнд дахиад нэг амьдралыг бэлэглэжээ.
Донор болох хүсэлтээ илгээхийн тулд E-Mongolia систем рүү нэвтрэн орж үйлчилгээ хайх хэсгээс “Донорын зөвшөөрлийн хүсэлт” үйлчилгээг сонгон өөрийн мэдээллийг бөглөн хүсэлтээ илгээх юм.