Шатахууны экспортыг аравдугаар сар хүртэл хориглох санаачилгыг ОХУ-ын Түлшний холбооноос гаргажээ
Эдийн ЗасагШатахууны экспортыг түр хугацаагаар хориглох шийдвэр гаргуулах саналыг ОХУ-ын Эрчим хүчний яамнаас тавьсан талаар өнгөрсөн сарын 30-ны өдөр ОХУ-ын Эрчим хүчний сайд Н.Шульгинов мэдэгдэв. Ийм арга хэмжээ авч болзошгүй талаар ОХУ-ын Засгийн газарт түлш, эрчим хүчний асуудал хариуцаж буй Засгийн газрын орлогч дарга А.Новак энэ оны дөрөвдүгээр сард мэдэгдэж байсан юм.
Он гарсаар ОХУ-ын дотоод зах зээлд бензиний үнэ тогтмол өсөн, долдугаар сарын 20-ны өдөр нэг тонн бензиний үнэ 60 мянган рубль болж (807 ам.доллар) түүхэн дээд түвшинд хүрэв. Тиймээс дотоод зах зээл дахь үнийн өсөлтийг тогтворжуулах, бууруулах зорилгоор ойрын өдрүүдэд бензиний экспортыг бүрэн хориглох тухай Засгийн газрын шийдвэрийг гаргуулахаар ОХУ-ын Эрчим хүчний яам санал оруулаад байна. Үүнээс гадна газрын тосны компаниудтай энэ төрлийн бүтээгдэхүүний бөөний салбарт үнэ болон бүтээгдэхүүний хэмжээг тохируулах тухай гэрээ байгуулж болзошгүй талаар мэдэгдээд байна. Экспортын түр хориг арга хэмжээ гурвансараас багагүй хугацаанд хэрэгжүүлнэ гэдгийг Н.Шульгинов сайд мөн мэдэгджээ.
Шатахуун түгээх
станцуудаар борлуулах бензиний жижиглэнгийн үнэд биржийн үнэ шууд нөлөөлөхгүй, энэ
нь томоохон газрын тосны боловсруулагч үйлдвэрүүдийн хувьд Засгийн газраас
хэрэгжүүлж буй демпингийн арга хэмжээтэй холбоотой. Харин бие даасан
жижиглэнгийн борлуулагч нарын хувьд хүнд цохилт болдог тул бензиний экспортыг энэ оны аравдугаар сарын 1-нийг хүртэл түр
хориглох санаачлагчдын нэг нь ОХУ-ын түлшний холбоо болсон байна. Үүнээс
өмнө “Түлшний хараат бус холбоо” /Независимый топливный союз/ байгууллагаас
ОХУ-ын Ерөнхий сайд М.Мишустинд хандаж, түлшний их хэмжээний экспортоос хамаарч
дотоодод хомсдол үүсээд байгаа тухай мэдэгдэл хүргүүлсэн аж. Уг мэдэгдэлд
гадаадын орнуудад түлш экспортлох нь дотоодын худалдаанаас илүү үр ашигтай ч
эцсийн дүндээ дотоодын үнийн өсөлтийг бий болгож буй талаар дурьдсан байна.
ОХУ-ын дотоод зах
зээл дэх үнийн өсөлт нэг талаасаа цар тахалтай хамааралтай бөгөөд зуны улиралд
дотоод аялал жуулчлалын хэмжээ эрс нэмэгдсэнтэй холбоотой гэдгийг
Санкт-Петербургийн бараа, түүхийн эдийн биржийн дарга А.Рыбников мэдэгдэв.
Үүнээс гадна хэд хэдэн газрын тос боловсруулах үйлдвэрийг шинэчлэн засварлаж
байгаа тул засварын ажил дуусч, хэвийн үйл ажиллагаанд орох үед бензиний үнэ
тогтворжино гэсэн хүлээлттэй байна. Мөн рублийн ханш суларч, инфляцийн
түвшинтэй уялдуулах эдийн засгийн шаардлага ч байгааг шинжээчид тэмдэглэж байгаа
юм.
ОХУ бензиний экспортыг гол төлөв европын зах зээд нийлүүлдэг бөгөөд Балтын, Каспийн, Азовын тэнгийн далайн боомтууд болон төмөр замаар Польш руу гаргадаг. Энэ оны эхний хагас жилийн байдлаар ОХУ-ын нийт бензиний экспортын 58 хувийг эзэлсэн байна. Хуучин ЗХУ-ын ордуудад 32,5, Азийн орнуудад 9,5 хувь тус тус нийлүүлсэн бол Монгол Улсад экспортлодог газрын тосны бүтээгдэхүүн 8,3 хувийг эзэлдэг байна.
ОХУ-аас Азийн орнууд руу нийлүүлдэг экспортын хэмжээний 87,6 хувь манай улсад ногдож байна.