Олон улсын олимдиадад амжилт үзүүлсэн хүүхдүүдэд урамшуулал олгоно
НийгэмОлон улсын олимдиадад амжилт үзүүлсэн хүүхдүүдэд урамшуулал олгох тухай Ерөнхийлөгчийн зарлиг гарсан. Энэ зарлигийн дагуу 2021 онд олон улсын олимпиадад амжилт үзүүлсэн 17 сурагч, тэднийг бэлдсэн багш нарт энэ долоо хоногт урамшуулал олгох юм байна. Урамшууллын хэмжээг энэ Лхагва гарагт болох Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдэхээр болсныг БСШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлсэн юм.
Эргэн сануулахад
өнгөрсөн 7-р сарын 14-24-ны хооронд ОХУ-ын Санкт-Петербург хотноо болсон Олон
улсын математикийн 62 дугаар олимпиадад Монгол улсын сурагчдын баг амжилттай
оролцсон билээ. 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн манай сурагчдын баг
багаараа 11 дүгээр байрт эрэмбэлэгдсэн сайхан мэдээ бий.
Монгол Улсын багийн гишүүд:
А.Нямдаваа - Алтан
медаль (Сант сургууль)
М.Өнөболд - Алтан
медаль (Нэгдүгээр сургууль)
Ц.Сайханбилэг - Мөнгөн
медаль (Сант сургууль)
О.Мишээл - Мөнгөн
медаль (Шинэ Монгол сургууль)
Д.Энэрэлт - Хүрэл
медаль (Сант сургууль)
Б.Батсамбуу - Хүрэл
медаль (Олонлог төв сургууль)
Багийн удирдагчаар Монголын математикийн
олимпиадын хорооны дарга Б.Батбаясгалан, МУИС-ийн Математикийн тэнхимийн багш,
Монголын математикийн олимпиадын хорооны гишүүн У.Батзориг нар ажилласан юм.
Мөн Португал улсын Лиссабон хотноо зохиогдсон Олон улсын биологийн 32 дугаар олимпиадаас манай сурагчид нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн юм.
Монгол Улсын дөрвөн сурагч тус олимпиадад эх
орноо төлөөлөн оролцсон бөгөөд
§ Орчлон сургуулийн 11-р ангийн сурагч Э.Тэргэл
мөнгөн медаль,
§ Шинэ үе сургуулийн 11-р ангийн сурагч
Э.Бодьхүү, 1-р сургуулийн 11-р ангийн сурагч Б.Пүрэвбадрал нар хүрэл медаль тус
тус хүртсэн байна.
Түүнчлэн Олон улсын физикийн 51 дэх олимпиад Литва Улсад болж
манай хоёр сурагч хүрэл медаль хүртээд буй. 76 орны 400 гаруй сурагч энэ
олимпиадад оролцсон аж.
Харин Сингапур улсад зохион
байгуулагдсан Олон улсын мэдээлэл зүйн 33 дугаар олимпиадад Монгол
Улсын сурагчид амжилттай оролцож, багийн гишүүн Сант сургуулийн 12 дугаар
ангийн сурагч А.Нямдаваа мөнгөн медаль хүртсэн юм. Уг олимпиадад 88
орны 353 сурагч оролцсон аж.
Энэ мэтчилэн энэ оны Олон улсын физик,
биологи, мэдээлэл зүйн олимпиадуудад манай сурагчид амжилттай оролцож амжилт
үзүүлсэн багш сурагчид оюуны хөдөлмөрөө төр засагтаа үнэлүүлж урамшуулал хүртэх
нь тодорхой болж байна.