100 дахь хичээлийн жил эхэллээ
Нийгэм2021-2022 оны хичээлийн жилд 81 мянган хүүхэд ерөнхий боловсролын сургуульд элсэн орно.
Ингэснээр улсын хэмжээнд 700 гаруй мянган сурагч цахим болон танхимын сургалтаар боловсрол эзэмших юм.
Түүнчлэн халдвар хамгааллын дэглэм сахиулах зорилгоор сурагчдын 25, 25-аар нь хувааж хичээллүүлэх бөгөөд нэг ширээнд нэг л хүүхэд суухаар зохицуулж буй аж. Мөн сурагчид нэг долоо хоног цахимаар, нэг долоо хоног танхимд хичээллэх юм.
Мөн хүүхдүүдэд ширээ дамжихгүй, үзэг балаа солихгүй байх шаардлага тавих бөгөөд халдвар хамгааллын дэглэм сахиулахад анхаарч ажиллахаар сургууль, цэцэрлэг бэлтгэлээ базааж буй аж. Түүнчлэн сургуулийн багш, ажилчдыг вакцинжуулалтад хамруулсан байна. Тодруулбал, нийслэлийн нийт багш нарын 97.5 хувь нь нэгдүгээр тундаа, 94 гаруй хувь нь хоёрдугаар тундаа хамрагджээ.
Харин цэцэрлэгийн хувьд, есдүгээр сард зөвхөн дөрөв, таван настай хүүхдүүдийг л хүлээж авах зохицуулалт хийсэн бөгөөд нэг ангид цөөхөн хүүхэд байхаар зохицуулж буй аж. Гэхдээ ирэх сараас халдварын нөхцөл байдлаас хамаарч гурван настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах эсэхийг шийдэхийг БШУ-ны яамнаас мэдэгдсэн.
Оюутнуудын хувьд, энэ сарын 13-наас эхлэн танхимд хичээллэж эхэлнэ.
“Ковид-19”-ийн нөлөөнөөс үүдэлтэй ЕБС-ийн хичээл, сургалтын алдагдал, сурагчдын хичээл, сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах төлөвлөгөөг энэ хичээлийн жилээс эхлэн гурван жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр болжээ.
Энэ хичээлийн жилд коронавируст халдварын нөхцөл байдлын улмаас хүний бөөгнөрөл үүсгэхээс сэргийлж хичээлийн шинэ жилийн нээлт хийхгүй хэмээн БШУЯ мэдээлсэн.
Харин хичээлийн жилийн теле нээлт буюу шинэ хичээлийн жилд зориулсан нэвтрүүлэг 8.30 цагаас өргөн нэвтрүүлгийн долоон сувгаар цацагдсан юм.
Хэдийгээр цар тахлын хүнд хэцүү цаг үе боловч сурч боловсрох, хөгжиж дэвжих боломжийг алдаж болохгүй. Урсан өнгөрч буй цаг мөч бүрийг ухрааж болохгүй учир хамтдаа хичээх, хамтдаа урагшлах хариуцлагатай үе ирж байна гэдгийг БШУЯ цахим хуудсаараа дамжуулан мэдээлэв.
МОНЦАМЭ