Нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалт энэ сарын 16-нд болно
Улс ТөрСЕХ өнөөдөр хуралдаж, УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалтыг энэ сарын 16-нд зохион байгуулахаар товложээ.
СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран хурлын шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурал хийхдээ, “УИХ-аас нөхөн сонгуулийг зохион байгуулахад 2.2 тэрбум төгрөг төсөвлөсөн. Үүнээс СЕХ-нд 1.8 тэрбум төгрөг, улсын бүртгэл, цагдаагийн байгууллагад 0.4 тэрбум төгрөг төсөвлөсөн юм. Энэ зардалдаа багтааж нэмэлт санал хураалтыг зохион байгуулах боломжтой гэж үзэж байгаа” гэв.
Өчигдөр буюу энэ сарын 10-нд болсон нөхөн сонгуулийн санал хураалтын ирц 18 дугаар тойрог буюу Хэнтий аймагт 37.04 хувь, 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэг 39.61 хувийн ирцтэй байсан. Тодруулбал, нийт 148 хэсгийн хорооноос Хэнтий аймагт 16, Сонгинохайрхан дүүрэгт нэг хэсгийн хороонд ирц 50+1 хувийг давсан бол бусад хэсэгт бага үзүүлэлттэй байлаа. Иймд нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалтыг зохион байгуулах болсон юм. Тодруулбал, ирц хүрээгүй хэсгийн сонгууль өгөөгүй иргэдийн саналыг авах юм.
Хэдийгээр ирц хүрээгүй ч СЕХ-ноос өчигдөр нөхөн сонгуулийн дүнг олон нийтэд шууд дамжуулан үзүүлсэн бөгөөд 18 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Ц.Идэрбат, 28 дугаар тойрогт мөн МАН-аас нэр дэвшигч Э.Батшугар нар олонхын санал аваад байна. СЕХ-ноос нөхөн сонгуулийн өчигдрийн саналд 100 хувь гараар хяналтын тооллого хийсэн бөгөөд санал тоолох төхөөрөмжийн дүнтэй бүрэн нийцсэн гэв. Гэхдээ энэ дүн нь эцсийнх биш бөгөөд нэмэлт санал хураалтын дараа саналын тоог нэмэх ёстой юм.
Баримт сөхвөл, УИХ-ын нөхөн сонгууль явуулдаг болох заалтыг 1997 онд УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлтээр оруулсан. Үүнээс хойш хэд хэдэн удаа нөхөн сонгууль зохион байгуулж байжээ. Хамгийн сонирхолтой нь 1997 онд 21 дүгээр тойрог буюу Завхан аймагт болсон нөхөн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаяр -72,63 хувийн саналаар УИХ-ын гишүүн болж байжээ. Ийнхүү 27 жилийн дараа Н.Энхбаярын хүү Э.Батшугар УИХ-ын нөхөн сонгуульд өрсөлдөж буй ч сонгуулийн ирц хүрээгүй шалтгаанаар үр дүн нь хараахан гарсангүй. Сонгуулийн эцсийн дүн энэ сарын 16-нд тодорхой болох нь.