Монгол, Казахстаны Гадаад харилцааны сайд нар албан ёсны хэлэлцээ хийв

Улс Төр
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2021-10-14 02:29:33

Бүгд Найрамдах Казахстан Улсад албан ёсны айлчлал хийж буй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Казахстаны Гадаад хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч А.Р.Рахметуллинтай энэ сарын 13-нд албан ёсны хэлэлцээ хийлээ.


Хэлэлцээний үеэр талууд Монгол, Казахстаны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, улс төр, худалдаа эдийн засаг, тээвэр ложистик, хөдөө аж ахуй, соёл, боловсрол, аялал жуулчлалын зэрэг салбарт харилцааг өргөжүүлж, олон улс, бүс нутгийн тавцанд нягт хамтран ажиллахаар ярилцав.


“КОВИД-19” цар тахлын улмаас үүссэн сорилтуудыг хамтран даван туулж, эдийн засгаа аль болох хурдан хугацаанд сэргээж, ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах чиглэлд хийж буй ажил, туршлагаасаа харилцан хуваалцаж, хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх боломж бололцооны талаар дэлгэрэнгүй санал солилцов.

Энэ хүрээнд манай тал худалдааг тэлэхдээ  Монгол Улсаас Казахстан Улсад болон эл бүс нутгийн улс орнуудад мах, махан бүтээгдэхүүн зэрэг экспортын бараа бүтээгдэхүүн нийлүүлэх ажлыг бодитойгоор нэмэх, газар тариалангийн салбарт ганд тэсвэртэй үр тарианы сортуудыг нутагшуулах, судлах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Мөн Mал эмнэлэг, хорио цээрийн байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, далайд гарцгүй орнуудын хувьд Ази, Европ хоёр тивийг холбосон газар зүйн байршлыг ашиглан дамжин өнгөрөх тээврийн үр ашгийг хүртэх хүсэлтээ илэрхийлэв.


Айлчлалын хүрээнд талууд агаарын тээврийн хамтын ажиллагаа хөгжиж байгааг онцолж улмаар Монголын “Хүннү эйр”, Казахстаны “СКАТ” компани санамж бичиг байгуулсныг сайшаан тэмдэглэв.

А.Р.Рахметуллин хоёр улсын хооронд хамтарсан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэх, боловсролын салбарын хамтын ажиллагааг тэлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн Замын зураг байгуулах ажлыг эрчимжүүлэхийг санал болгов. Мөн хамтын ажиллагааны эрх зүйн орчинг бэхжүүлэх хүрээнд Хөрөнгө оруулалтыг хэлэлцээрийг шинэчлэн байгуулахыг санал болгов.

Хэлэлцээний дараа Гадаад харилцааны сайд нар Монгол Улсын Гадаад харилцааны яам, Казахстаны Гадаад хэргийн яам хоорондын 2021-2024 онд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа.

Энэ айлчлал нь 1992 онд Казахстан Улстай дипломат харилцаа тогтоосноос хойш Монголын талаас Гадаад харилцааны сайдын түвшинд хийж буй анхны айлчлал юм.

Холбоотой мэдээ