-ЗГ: 2022 оны төсвийг өөдрөгөөр төсөөлж, Монгол Улсын түүхэнд анх удаа 18 их наядын төсвийг УИХ-д өргөн барилаа

Улс Төр
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2021-10-14 09:14:34


УИХ-ын нэгдсэн чуулганы индэрээс 2022 оны төсвийн төслийг танилцуулсан МУ-ын Ерөнхий сайдын хэлсэн үгнээс онцлон тоймлон хүргэж байна.

Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсын эдийн засагт үүр хаяарч эхэлж байна


-Цар тахлын эрсдэлд орж, эдийн засаг -5.3 % хүртэл агшиж, төсвийн алдагдал днб-ий 12 %-ийг эзэлж, 250 мянган ажлын байр эрсдэлд орсон нь 1992 оны шилжилтийн үетэй дүйцэх хоёрдахь хүнд үе байлаа.

-Цар тахлыг хохирол багатай даван туулах цорын ганц гарц нь вакцинжуулалт юм. Нийт хүн амын 65.6 хувийг бүрэн тунд, 350 гаруй мянган хүнийг дархлаа сэргээх 3-р тунд хамруулж, өнөөдрийн байдлаар 2.6 сая тун вакцины нөөц байна.

-Эрүүл мэндийн байгууллага, эрдэмтэн судлаачдын тооцооллоор вакцинжуулалтыг өнөөдрийн түвшинд зохион байгуулж чадаагүй бол 46 мянга хүртэлх иргэдийн амь нас эрсдэлд орох байлаа.

-Хатуу хөл хориогүй энгийн амьдралын хэмнэлд өдрөөс өдөрт дасан зохицож байгаа ч өнгөрсөн хугацаанд 1424 хүний эрдэнэт амь нас эрсэдсэнд гүн эмгэнэл илэрхийлье

-Нөхцөл байдал амаргүй ч бид эдийн засгаа сэргээх, өсгөх томоохон зорилтоосоо ухарч болохгүй ээ, цар тахлын хүндрэлийг сөрж, дасан зохицож, нэгдэн нийлж, хамтын хүчин зүтгэлээр хүнд цаг үеийг даван туулах ёстой.

-Зүйрлэж хэлбээс хар дарсан зүүд мэт шөнө өнгөрч, Монгол Улсын эдийн засагт үүр хаяарч эхэлж байна.

-2022 оны төсөв бол эдийн засгийг тэлэх, төр хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх хөгжлийн төсөв юм.

-2022 оны төсөв бол татвар төлөгчдийн мөнгө бүхэн эдийн засагт үржүүлэхийн хүрдний үүрэг гүйцэтгэх, хувийн хэвшлийн болон хөрөнгө оруулагчдын сэдлийг төрүүлэх ерөнхий зарчимд тулгуурлан боловсруулагдсан болно. 

-Төр бүсээ чангалж, хэмнэлтийн горимд ажиллаж болдгийг цар тахал харууллаа. Ирэх онд ч төр зардлаа танах, дахин хуваарилах, төрийн үйл ажиллагааг цахимжуулах зэргээр хэмнэлтийн горимд ажиллана.

-2022 оны төсөв бол дундаж давхаргыг дэмжих үндэсний тогтолцоог бий болгох, халамжаас хөдөлмөрт шилжих, амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн суурь реформын эхлэлийг тавих төсөв юм.

-Хамгийн сайн халамж бол чанартай ажлын байр. Хөдөлмөр эрхлэх чадвартай, орлого багатай иргэдэд ажил эрхлэх боломж олгож Халамжаас-хөдөлмөрт шилжих цогц шинэчлэл хийнэ.

-“Хуримтлалтай хүүхэд” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Эрдэс баялгаас төвлөрүүлсэн орлогыг нийт иргэдэд тэгш хүртээмжтэй хуваарилах зарчмаар хүүхэд багачууддаа хуримтлалын данс үүсгэнэ.

-Иргэн бүр жил бүр эрүүл мэндийн бүрэн оношилгоонд хамрагдах тогтолцоонд 2022 оны төсвийн жил шилжинэ

-2022 онд Улаанбаатарын  автозамын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээний чанарыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх цогц арга хэмжээнд 420 тэрбум төгрөг зарцуулна.

 

-Эвлэлдэн нэгдэх бүртээ урагшлан хөгжиж, эвдрэн талцах болгондоо уруудан доройтсоныг эцэг дээдсийн минь буурал түүх нотолдог билээ.

 

-Иргэд Та бүхэн нэмэлт 3-р тундаа хамрагдан, эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх үйлсэд хувь нэмрээ оруулахыг Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд хичээнгүйлэн гуйж байна гэв.

 

 

 

Холбоотой мэдээ