УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн дүнг өргөн барилаа
Улс ТөрМонгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн дүн, Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр өргөн мэдүүллээ.
Сонгуулийн ерөнхий хороо Улсын Их Хурлын сонгуулийн 18 дугаар тойргийн нөхөн сонгуульд Монгол Ардын Намаас нэр дэвшиж, хамгийн олон буюу 17 264 санал авсан Цагаанхүүгийн Идэрбат, 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд мөн намаас нэр дэвшиж, хамгийн олон буюу 28 537 санал авсан Энхбаярын Батшугар нарыг Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцох тухай тогтоол гаргажээ.
Нөхөн сонгуулийг зохион байгуулахад аймаг, нийслэл, сум, дүүргийн 21 сонгуулийн хороо, 148 хэсгийн хороонд нийт 1307 төрийн албан хаагч, мэдээллийн технологийн 183 даамал, халдвар хамгааллын дэглэм, батлагдсан журмыг мөрдүүлэх чиглэлээр онцгой байдлын болон эрүүл мэндийн байгууллагын нийт 559 албан хаагч ажилласан байна. Мөн сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, давхардлыг арилгах, нягтлан шалгахтай холбоотойгоор иргэний бүртгэлийн 253 итгэмжлэгдсэн ажилтан, санал авах байрны аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр цагдаагийн 720 албан хаагч ажиллажээ.
КОВИД-19-ийн улмаас тусгаарлагдсан, гэрээр болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа сонгогчдоос зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авчээ.
Энэ сарын 10-нд болсон нөхөн сонгуулийн ирц 18 дугаар тойрогт 37.04 хувь, 28 дугаар тойрогт 39.61 хувь болж, сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын 50 буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй тул ирц 50 буюу түүнээс дээш хувьд хүрээгүй нийт 131 хэсэгт энэ сарын 16-ны өдөр нэмэлт санал хураалт явуулсан юм. Ингэснээр 18 дугаар тойргийн нөхөн сонгуульд сонгогчдын 46.65 хувь нь, 28 дугаар тойрогт 48.89 хувь нь оролцжээ.
18 дугаар тойргийн 89 хэсгийн 62.9 хувь буюу 56 хэсгийн хорооны ирц, 28 дугаар тойргийн нийт 59 хэсгийн 54.2 хувь буюу 32 хэсгийн хорооны ирц 50 буюу түүнээс дээш хувьд хүрсэн байна. Нөхөн сонгуулийн саналын хуудсыг нийт 148 хэсэгт 100 хувь гар аргаар хяналтын тооллого хийсэн бөгөөд санал тоолох төхөөрөмжийн дүн хяналтын тооллогын дүнтэй бүрэн тохирчээ.
Эх сурвалж: parliament.mn