И.МӨНХЖАРГАЛ: Ч.ХҮРЭЛБААТАР САЙД ДЭЭР ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ХЭРЭГ ҮҮСГЭЭД ШАЛГАЖ БАЙГАА
Улс ТөрАН-ын дэргэд “Шударга сонгуулийн төлөө” ажлын хэсэг
байгуулагдсан. Тэдний зүгээс ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар Монгол Улсын их хурлын
сонгуулийн тухай хууль зөрчиж, илтэд давуу байдлаа ашиглаж, хүмүүст нөлөөлөх
оролдлого хийж буй талаар мэдээлж байсан.
Энэ тухай АН-ын дэд дарга И.Мөнхжаргал мэдээлэл өгөв.
Тэрбээр “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны нэгдүгээр сараас хойш өгсөн
мэдээлэлдээ сонгуульд шударгаар өрсөлдөнө, энэ удаагийн парламентын сонгууль
шинэ залуу үеийг гаргаж ирнэ, зарчимтай байна, авлигатай тэмцэнэ гэж буй. Энэ
үгэндээ хүрэх, шударгаар өрсөлдөхийг АН-аас уриалж байна. Ч.Хүрэлбаатар сайд
дээр цагдаагийн байгууллага хэрэг үүсгээд шалгаж байгаа. 2024 оны дөрөвдүгээр
сарын 12, 14-нд Сүхбаатарт дүүрэгт 1000 оюутны сагсан бөмбөгийн тэмцээн зохиох
үеэрээ тус бүрт нь 100 мянган төгрөг тарааж, УИХ-ын сонгуульд өөрийг нь
дэмжээрэй гэж мөнгө тараасан. Тэдгээр оюутан хуулийн дагуу СЕХ, АН-д мэдээллээ
өгч байгаа” гэв. Хэрэв таны саналыг хэн нэгэн худалдаж авахаар мөнгө өгсөн
талаар мэдэгдвэл Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн 81.7-д тухайн
мөнгийг нь 10 дахин өсгөж өгөхөөр заасан.
Өөрөөр хэлбэл, хэрэв таныг саналаа худалдахыг ятгаж, мөнгө өгвөл энэ
талаар холбогдох байгууллагад мэдэгдсэнээр тухайн мөнгийг 10 дахин өсгөж авах
сонголт бий юм.
МАН-ын зүгээс төрийн албан хаагчдыг сонгуулийн
сурталчилгаанд асар ихээр дайчилж, дарамт учруулж байгаа, яам, тамгын газрууд
эзгүйрсэн талаарх мэдээлэл ирүүлж буй аж. Төрийн байгууллагуудын үйл ажиллагаа
доголдож, албан хаагчдыг хөдөө рүү явуулж, сонгуулийн сурталчилгаагаа хийлгэж
байгаа хууль бус үйлдлээ зогсоох шаардлага хүргүүлж байгаагаа АН-ынхан
мэдэгдэв. Түүнчлэн “Шинэ хоршоо” хөдөлгөөний сурталчилгаанд ч төрийн албан
хаагчдыг дайчилж буйг эсэргүүцлээ. Малчдад ямар нэгэн барьцаагүйгээр зээл өгч
байгаа нь хадгаламж, зээлийн хоршооны хэргийг давтах эрсдэлтэйг ч сануулав.
Сонгуулийн дараа асар олон хүн өртэй болж, ямар ч тооцоо судалгаагүйгээр
малчдад бэлэн мөнгө тарааж буй нь инфляцын түвшин хоёр оронтой тоог давж, мөнгө
үнэгүйдэж, ам.долларын ханш өсөхөд нөлөөлнө гэлээ. Хэрэв сонгуулиар дээр
дурдсанчлан Засгийн газрын гишүүн нь мөнгө тараавал АН болон бусад бүх нам, нэр
дэвшиж буй эмэгтэйчүүд, залуучуудад боломж гарахгүй гэдгийг анхааруулсан
юм.