Байгальд суллан тавьсан минжийн мониторинг судалгааг хийж гүйцэтгэв

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2025-02-03 04:13:46
Экологийн тэнцвэрийг хадгалахад чухал үүрэгтэй минжийг 2012 оноос эхлэн Туул голын урсцыг байгалийн аргаар сэргээх, тогтмолжуулах зорилгоор үржүүлэн нутагшуулах төслийг эрдэмтэн, судлаачдын оролцоотойгоор нийслэл хотоос хэрэгжүүлж байгаа билээ.
 
Нийслэлийн Байгаль орчны газраас Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаатай хамтран Туул голын цутгал болох Тэрэлж голуудад нутагшуулж байгаа юм.
 
Туул голын усны урсацыг байгалийн аргаар нэмэгдүүлэх замаар экосистемийн доройтлыг бууруулж, голын сав газрын экологийн нөхцөлийг сайжруулахаар ОХУ болон ХБНГУ-аас 17 бүлийн нийт 34 бодгаль Евразийн минжийг авчран өсгөж байна.
 
Минж үржүүлэн нутагшуулах ажлын хүрээнд нийт 77 бодгалийг Туул голын эх түүний цутгал болох Заан, Тэрэлж голуудад нутагшуулаад байгаа юм. 
 
2025 оны байдлаар Минж үржүүлэх, нутагшуулах төвд 41 бодгаль минж бойжиж байгаа бөгөөд цаашид 100-150 бүл байгалийн популяц үүсгэх зорилго тавин ажиллаж байна.
 
Ингэснээр байгалийн болон хүний сөрөг нөлөөлөлд бага өртөх улмаар өөрөө өсөж үржих боломж бүрдэнэ.
 
Байгальд суллан тавьсан минжний нутагшилтын байдал, үр дүнд хяналт тавих, мониторинг судалгааг тогтмол хийх нь хамгийн чухал байдаг тул Нийслэлийн Байгаль орчны газраас ажиглалт судалгааг автомат камерын тусламжтайгаар гүйцэтгэж байна.
 
Минж нь Амьтны тухай хуульд заасны дагуу нэн ховор амьтны жагсаалтад орох ба манай улс 1930 оноос эхлэн минж агнахыг хуулиар хориглосон. Монгол Улс төдийгүй олон улсын хэмжээнд ховордох зэрэглэлд орсон, бүс нутгийн хэмжээнд устах аюулд өртөөд байгаа амьтан бөгөөд агнасан тохиолдолд Эрүүгийн хариуцлага хүлээх зохицуулалттай.
 
Минж нутагшуулсан байршилд минжтэй таарсан тохиолдолд хэт ойртохгүй байхыг анхааруулж байна.
 
Мөн минжтэй холбоотой ямар нэгэн зөрчил мэдээллийг Нийслэлийн Байгаль орчны газрын 72720303 дугаарын утсаар ирүүлж хамтран ажиллах боломжтой гэж Нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ. 
 
Судалгааны камерт ажиглагдсан минжийн дүрсийг хүргэж байна.
 
Холбоотой мэдээ