Вена амьдрахад таатай хотуудын жагсаалтыг тэргүүлжээ

Дэлхийд
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-06-24 10:19:50

Австрийн нийслэл Вена хот амьдрахад таатай хотуудын жагсаалтыг дахин тэргүүлж эхэлснийг Их Британийн долоо хоног тутмын “The Economist” сонин мэдээллээ. Тус хот нь 2018, 2019 онд нэгдүгээр байр эзэлж байв. 


Тодруулбал, Вена хотын тогтвортой байдал, сайн дэд бүтэц нь оршин суугчдын сэтгэл ханамжид нийцэх гол үзүүлэлт болсноос гадна эрүүл мэндийн үйлчилгээ хийгээд соёл, энтертайнментын олон боломж бололцоо нээлттэй байдгийг тайланд цохон тэмдэглэжээ.


Их Британид төвтэй “The Economist Intelligence Unit” байгууллагын өнгөрсөн оны жагсаалтад Австрийн нийслэл 12 дугаар байр луу ухарч, Шинэ Зеландын Окленд хот тэргүүн байрт бичигдсэн бол энэ онд цар тахлын хязгаарлалтуудын улмаас Окленд 34 дүгээр байрт жагссан байна.


Дэлхийн хотуудын тогтвортой байдал, эрүүл мэндийн үйлчилгээ авах хүртээмж, соёл, хүрээлэн буй орчин, боловсрол, дэд бүтцийг нь харгалзан энэхүү жагсаалтыг гаргадаг билээ.


Эхний 10 байрт Европын хотууд давамгайлав

Баруун Европ, Канадын хотууд жагсаалтын эхний байруудад голлон бичигджээ. Герман улсын хувьд санхүүгийн нийслэл гэгддэг Франкфурт хот 32 байраар ахин долоодугаарт жагссан бол Хамбург, Дюссельдорф хотууд 16, 22 дугаарт бичигдсэн байна.


Францын нийслэл Парис хот өнгөрсөн оныхоос 23 байраар ахин 19 дүгээрт бичигдсэн бол Их Британийн нийслэл Лондон 33 дугаарт, Италийн Милан 49 дүгээрт, АНУ-ын Нью-Йорк 51 дүгээр байрт тус тус жагсжээ.


Харин Украины нийслэл Киев хотыг Оросын түрэмгийлэлтэй холбогдуулан жагсаалтад оруулаагүй байна. Оросын Москва, Санкт-Петербург хотуудын хувьд “тогтворгүй байдал, хяналт шалгалт нэмэгдсэн, Өрнөдийн орнууд хориг тавьсан, корпорациуд үйл ажиллагаагаа зогсоосон” зэрэг шалтгаанаар олон байраар ухарчээ.


Дайн, зөрчил, терроризм нь сүүл мушгихад нөлөөлөв

Сирийн нийслэл, дайнд нэрвэгдсэн Дамаск хот жагсаалтын сүүлийг мушгисан байна. Мөн Нигерийн Лагос, Ливийн Триполи, Алжирын Алжир, Пакистаны Карачи хотууд хамгийн сүүлийн байруудад жагсжээ.


Тодруулбал, жагсаалтын сүүлийн 10 байрны долоо нь Ойрхи Дорнод, Африкийн орнууд байна. Дайн дажин, зөрчил мөргөлдөөн, терроризм нь эдгээр хотыг жагсаалтын сүүлээр бичигдэхэд нөлөөлсөн гол хүчин зүйл болсныг тайланд дурджээ. 


Эх сурвалж: МОНЦАМЭ 

Холбоотой мэдээ