Израйльд халдвар дахин нэмэгдсэн тул үлдсэн иргэддээ вакцинжуулалтад хамрагдахыг уриалав
ДэлхийдПүрэв гарагт Израйль улсын ерөнхий сайд вакцин тариулаагүй үлдсэн иргэддээ даруй дархлаажуулалтад хамрагдахыг уриалжээ.
Сүүлийн сар хүрэхгүй хугацаанд тус улсад коронавирусийн халдвар нэмэгдсэнтэй холбогдуулан ийм уриалга гаргасан байна.
Хүн амаа вакцинжуулалтад хамгийн сайн хамруулсан улс орнуудад ч цар тахлын аюул арилах болоогүйг энэ явдал харуулж байгаа юм. Саяхан Израйль улс хорио цээрийн дэглэмээ бүрэн цуцалж байв. Харин одоо дотоод орчинд амны хаалт заавал зүүх, гадаад аялалыг хязгаарлах арга хэмжээ авч эхлээд байна.
Израйлийн 9.3 сая хүн амын 56 хувь нь Pfizer/BioNTech вакцинаар бүрэн дархлаажсан юм.
Сүүлийн үед бүртгэгдэж байгаа халдварын тохиолдлуудын дийлэнх хэсэг нь коронавирусийн дельта хувилбараар өвчилжээ.
Өчигдөр өглөө тус улсын цар тахалтай тэмцэх хорооноос Их Британи, Турк, Гүрж, Кипр улсуудтай агаарын хилээ хаах санал гаргасан юм. Саналыг ирэх долоо хоногт батлах төлөвтэй байна.
Пүрэв гарагт Израйль даяар халдварын 1,336 шинэ тохиолдол бүртгэгджээ. Тэдгээрийн ихэнхэд нь халдварын шинж тэмдэг хөнгөн илэрч байгаа ба ердөө 73 өвчтөний биеийн байдал хүндэрсэн байна.
Энэ нь цар тахлын оргил үеийн 1,000 давж байсантай харьцуулахад бага хэдий ч зургаадугаар сарын дундуур 19 хүрч байснаас огцом өссөн тохиолдол юм.
“Бидний зорилго тодорхой: бүх Израйльчуудыг вакцинжуулалтад хамруулах. Вакциныг эсэргүүцэгчид өөрсдийн болон бусдын эрүүл мэндийг эрсдэлд оруулаад зогсохгүй бүх Израйльчуудын эрх чөлөөнд заналхийлж байна. Тэд бидний ажиллаж, амьдрах, хүүхдүүдийн маань сурах боловсрох, гэр бүлүүдийн хамтдаа баярлах эрх чөлөөг боомилж байгаа юм” гэж тус улсын ерөнхий сайд Нафтали Беннет өчигдөр телевизээр ард иргэддээ хандаж хэлсэн байна.
Эх сурвалж: Associated Press